Каннын кино наадамд шалгарсан Монгол уран бүтээлч

“Бүгдээрээ баавгай байсан ч болоосой өвөлжин ичээд ханиад хүрэхгүй, даарахгүй, гоё байхгүй юу” гэх энэ өгүүлбэрээс эхлэлтэй “Баавгай болохсон” кино Каннын кино наадмын “Un Certain Regard” төрөлд шалгарч сонсгохыг хүссэн дуу хоолойгоо дэлхийд хүргэж чадлаа.
Энэхүү бүтээлийг тус киноны найруулагч П.Золжаргал өөрийн түүхээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд кино төсөл дээр 6 жил ажиллажээ. Тэгвэл яагаад П.Золжаргал ийм их хугацааг энэ кино төслийг хийхэд зарцуулах болсонтой хамтдаа танилцацгаая.
Зураг: Каннын наадмын үеэрх
Тэрээр Японд Обирины их сургуулийг кино найруулагчаар 2012 онд төгсжээ. Монголдоо ирээд туслах найруулагч хийж мөн дараа нь Японы IT компанид ажиллаж байх үед нь 2017 оны 1 сард “Утааны эсрэг жагсаал” болжээ. Уг нь тэр ч утааг арилгахыг чин сэтгэлээсээ хүсдэг ч гэр хороололд амьдардаг түүнд нүүрс түлэхгүй байх сонголт байсангүй. Тухайн үед жагсаал нь нэг талаас утааны эсрэг боловч нөгөө талаас эр хорооллынхныг үзэн ядах жагсаал байсныг хараад Зорогийн /найруулагчийн дууддаг нэр/ дотор асар их гомдол төрсөн байна.
Учир нь Зоро 13 наснаасаа гэр хороололд амьдарч Зүүнсалаагаас хотын төв рүү хичээлдээ явах бүртээ нийгмийн ялгаатай байдлыг бүхий л сэтгэл зүрхээрээ мэдэрдэг байлаа. Түүний хувьд утааны шалтгаан нь гэр хороололд биш ядууралд, тэгш бус боловсролд байдгийг мэддэг учраас ”Баавгай болохсон” киноныхоо анхны хувилбарыг 2017 онд бичжээ. Анхны хувилбараа барьсаар зохиол хөгжүүлэх Talent Tokyo-д оролцтол түрүүлж, киногоо хийх урам зориг олж авч. Ийнхүү хэд хэдэн олон улсын хөтөлбөрүүдэд хамрагдаж зохиолоо хөгжүүлсээр тэр завсарт гурван ч богино хэмжээний кино хийж туршлага хуримтлуулжээ.
Зураг: Talent Tokyo-д орсон үеийнх
2021 оны өвөл -35 хэмд 30 Монгол уран бүтээлчид хамтран зургаа авсан байна. Ингээд Энэ кино утааны гол шалтгаан болсон ядуурлын эсрэг олон улсын тавцан дахь тод дуу хоолой болж чаджээ.
Зоро: “Баавгай болохсон” нь 15 настай физикийн гоц авьяастай хүүгийн тухай кино юм. Хүү гэрэлтэй сайхан ирээдүйг мөрөөдөж хамаг чадлаараа хичээх боловч ядууралд өртсөн гэр бүлээ авч явах хүнд үүрэг түүнд тулгарна. Энэ киногоор дамжуулж бидний амьсгалж буй зүйл бол утаа биш ядуурал гэдгийг ойлгуулахыг хүссэн. Ядуурлаас гарах хамгийн сайн арга бол чанартай сайн боловсрол. Гэвч тэр нь хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй биш байгаа бөгөөд хүүхэд бүрд тэгш сайн боловсрол олгох боломж бий болгохыг энэхүү киногоор дамжуулж уриалж байгаа юм.
Зураг: Хүйтэнд зураг авч байгаа
Түүнийг ийнхүү Каннд шалгарах хэмжээний бүтээл хийхэд Монгол уран бүтээлчдээс гадна. дөрвөн ч (Монгол, Швейцарь Катар, Франц ) улсын уран бүтээлчид хамтран ажилласан ба “Монголын Финтек групп, Лантуун Дохио ТББ, Швейцарын хөгжлийн агентлаг” гэх мэт 30 гаруй байгууллагууд болон 80 гаруй хувь хандивлагчид тусалжээ.
П.Золжаргал болон “Баавгай болохсон” кино бүтсэн түүхээр дамжуулан хэрвээ чамд асуудлыг олж харах нүд байгаад түүнийг шийдэхэд оролцох чин сэтгэл байвал дэлхий хүртэл чамайг сонсдогийг харуулахыг хүслээ.
Түүний утаатай, ядууралтай, тэгш бус боловсролтой хийж байгаа тэмцэл өдгөө ч үргэлжилж байгаа бөгөөд та “Баавгай болохсон” (2023) киног бүх IPTV-гээр хүлээн авч үзээрэй.
Энэхүү нийтлэлийг бичлэг хэлбэрээр үзэх бол ЭНД ДАРААРАЙ.


