
Google-д ажиллана гэдэг магадгүй миний эсвэл таны хувьд мөрөөдөл. Харин Б.Баттулгын хувьд тэмцлийнх нь үр дүн байлаа. Учир нь тэрээр Монголоос Google-д ажилд орсон хамгийн анхны хүн.
Зураг: Google-д ажилд орсон үеийнх зураг .
Хүүхэд бүр өөр өөр төрлийн авьяастай байдаг. Спортын, урлагийн бас олимпиадын гээд л. Б.Баттулга харин хүүхэд байхдаа олимпиадын хүүхэд гэдэг ангилалд нь байлаа, гэхдээ зүгээр нэг олимпиадын хүүхэд байсангүй.
Б.Баттулга 8-р ангиасаа дээд ангийнхаа олимпиадуудад ордог байсан бөгөөд нэг удаа түүний орох сонирхолтой байсан Физик, Мэдээлэлзүй, Математикийн олимпиадууд бүгд нэг өдөр, нэг цагт гурван өөр ангид давхацжээ. Хэний ч санаанд оромгүй зөвхөн түүний санаанд орсон зүйл нь гурван олимпиадын материалыг зэрэг аваад нэг олимпиадын хугацаанд хийж дуусгах. Дээд ангийнхаа улсын аваргын гурван өөр олимпиадын материалыг нэг олимпиадын цагт хийгээд, тэгээд зогсохгүй хоёр дээр нь байр эзэлжээ, галзуу байгаа биз дээ.
Б.Баттулга: “Би нэг уйлж байснаа санадаг юм. 9-р ангийн Физикийн улсын олимпиадад сургуулиа төлөөлж биш хувиасаа бүртгүүлээд нэг орж байсан юм. Хувиараа бүртгүүлсэн хүүхдүүдийн оноог медаль авахгүй л бол жагсаадаггүй байхгүй юу, тэгээд зохион байгуулж байсан нэг багшаас нь намайг гэхдээ түрүүлчихвэл медаль өгнө биз дээ тээ гээд асуусан чинь, нэг жуумалзаж байснаа, заа чи ямартай ч түрүүлчих гээд л тэгж байна. Би түрүүлчихдэг байхгүй юу, тэгсэн эхний өдөр нь нэгт байснаа дараа нь дахиад харсан шинэ цаас гараад миний нэр байхгүй болчихсон байсан. Би чинь тэнд бүр байж ядаад, тэр чинь тэгэхдээ аймар гомдсондоо гэхээс илүү шаралхаад уйлаад байгаа байхгүй юу”
Тэрээр хүүхэд байхаасаа олон улсын болон дотоодын олимпиадуудад байр эзэлж бас ялж ялагдаж явсаар тухайн үед олж авсан түүний өрсөлдөөч зан чанар одоог хүртэл түүний карьерт эергээр нөлөөлж байгаа гэнэ. Б.Баттулга Солонгост бакалавр, магистраа дүүргэж Google-ийн Солонгос дахь оффист ажилд оржээ. Удалгүй Google-ийн АНУ дахь төв оффис руу шилжин ажиллах болжээ.
Тэрээр Google-д ажилладаг цор ганц Монгол хүн байхад нь нэг удаа Монголчууд яаж 1 сая хүрэхгүй хүмүүсээр Дэлхийн талыг эзэлсэн тухай гайхан ярилцжээ. Гэтэл дарга нь “Хэрвээ чам шиг бууж өгдөггүй зантай 1 сая цэрэгтэй бол Дэлхийг эзэлмээр санагдах л юм байна” гэж хэлж байж. Хэдийгээр хошигнол юм шиг боловч тухайн үед бас одоо ч Монголчуудыг амжилтад хүргэсэн бас хүргэх тэр зүйл нь бидний өгөгдөл, IQ, ямар нэгэн хувь тавилан эсвэл далдын хүчин зүйл биш харин бууж өгдөггүй тэмцэгч шинж чанар гэдэгтэй би ч санал нэгдэж байна.
Энэхүү нийтлэлийг бичлэг хэлбэрээр үзэх бол ЭНД ДАРААРАЙ


