
Улаанчулуутын хогийн цэгийг бид бүгд мэднэ, тэнд олон хүмүүс хог түүж амьдралаа авч явдаг тухай ч мэдэх байх. Харин тэнд цэцэрлэг, цэцэрлэг цэцэрлэгтээ гадаад хүний байгуулсан цэцэрлэг байдгийг мэдэх үү?
Өнөөдрийн түүхийн эзэн Монгол хүн биш ч надаас, магадгүй танаас ч илүү Монголчуудын төлөө тэр дундаа хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийж яваа Julie Veloo гэх 65 настай Канад эмэгтэй.
Одоогоос 10 орчим жилийн өмнө түүнийг анх Улаанчулуутын хогийн цэг дээр ирэхэд тэнд хамгийн их хохирч байгаа хүмүүс нь хүүхдүүд байлаа. Үүнийг харсан Julie Veloo хэдийгээр эцэг эх нь хог түүж байсан ч тэр хооронд хүүхдүүд дулаан аюулгүй газар өлсөхгүй, даарахгүй бас айх айдасгүй байх ёстой гэж бодоод 10 гаран хүүхэдтэй өдөр өнжүүлэх 100% гэр бүлийнхээ мөнгөөр үүсгэн байгуулжээ. Тухайн үедээ жижигхэн гэрт эхэлж байсан энэхүү цэцэрлэг одоо 125 хүүхэдтэй, бүр өөрсдийн гэсэн багш ажилтнуудтай Улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг цор ганц сайн дурын цэцэрлэг болон өргөжжээ.
Зураг: Цэцэрлэгийн дотор зураг
Мэдээж сайн дурын цэцэрлэг учир цэцэрлэгийн үйл ажиллагаагаа тогтмол явуулах үйл ажиллагааг сайжруулахад хөрөнгө санхүү хэрэгтэй. Тиймээс Julie Veloo дэлхийн хамгийн урт хандивын морин аялал зохион байгуулдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зөвхөн энэхүү морин аялалд оролцох гэж ирж, сангийн үйл ажиллагаанд аяллын зардлаа хандивладаг байна. Саяхан л гэхэд эдгээр хүүхдүүдийн төлөө Julie Veloo өөрийн насыг үл харгалзан бүхэл бүтэн 3800 км замыг морин дээр туулан хээрийн аялал хийгээд иржээ.
Зураг: Морин аялал
Та ч мөн түүний хийж буй баатарлаг үйлийг дэмжихийг хүсвэл морин аялалд оролцох эсвэл сангийн үйл ажиллагаанд хандив өргөх замаар Veloo Foundation-ийг дэмжээрэй.


