
Хүмүүс мод тарих талаар бодож төлөвлөх үед ихэвчлэн нар, хур, хөрсний нөхцөл байдал таатай хангай газрыг бодож сонгодог. Тэр нь ч өөрт амар байдаг биз…
Харин Shambala 2056 төслийн санаачлагч Б.Шижирбат гэх энэ залуу хамгийн хэцүү газрыг буюу говь нутгийг сонгож мод ургуулахаар шийджээ. Гэхдээ 1 биш харин 60’000 мод ургуулжээ. 60 мянган мод хэр их мод вэ гэдгийг мэдэхийн тулд нэгэн төсөөлөл хийж үзье. Хэрвээ ганц хүн хүрз бариад өдөрт нэг мод таривал 160 жилийн дараа тарьсан модны тоо 60 мянгад хүрнэ.
Харин Б.Шижирбатын хувьд ойн инженер мэргэжилтэй бөгөөд сүүлийн 6 жилийн дотор ямар нэгэн улс төрчийн уриалгаас үл хамааран энэхүү санаачилгаа технологи, нарийн судалгааны тусламжтайгаар ажил болгож байна.
Б.Шижирбат: “Говьд ирсэн хүмүүсийг алхам тутамд салхитай, маш их сул шороо шуурдаг маш хэцүү нөхцөл байдал угтдаг. Энэ нөхцөл байдалд ажиллаад мод тариад, энэ байгууламжийг хамтдаа бүтээлцэж байгаа хүмүүсээр, багийнхнаараа л би маш их бахархдаг.”
Тэд орчин үеийн технологийн шийдэл Монгол инженерүүдийн ур ухааныг ашиглан мод тарих, услах, арчлах, ургуулах гээд бүхэл үйл ажиллагааг автоматжуулан, шинжлэх ухааны үндэстэй хийж байгаагаараа онцлог. Хогны менежмент, эрчим хүч, модны нүх бэлдэх, сорт сонгох, арчилгааны технологи гээд жижиг гэлтгүй бүгд шинжлэх ухаан, инженерчлэл. Мөн сэтгэл хөдөлгөм зүйл нь тэд энэхүү үйл ажиллагаагаа “Монгол улсын төлөө зүтгэе” уриан дор гүйцэтгэдэг.
Shambala 2056 багийнхний хувьд урт хугацааны туршид хүрз барьсан хослолтой хүмүүсийн иргэдээс оноо цуглуулахдаа ашигладаг зэвсэг байсан мод тарих хэмээх ажлыг жинхэнэ утгаар нь төсөл болгон хэрэгжүүлж нийт 8 га талбайд Хайлаас модыг амжилттай тариад байна. Хэрвээ та ч гэсэн мод тарьж цөлжилттэй тэмцэхийг хүсвэл ЭНД ДАРЖ Шамбала 2056 хуудсаар зочлоорой.
Энэхүү нийтлэлийг бичлэг хэлбэрээр үзэх бол ЭНД ДАРААРАЙ


